Хөвсгөл нуурын өглөө
Хөвсгөл аймгийн дурсгалт газрууд
Wednesday, April 26, 2017
ХӨВСГӨЛ НУУР ҮҮССЭН ТУХАЙ ДОМОГ
Эрт урьд цагт элэнц хуланцын үед энэ нутагт нуур байгаагүй ажээ. Үржил шимт хөрстэй, үлэмж сайхан ургамалтай, таван хошуу мал тал дүүрэн бэлчсэн нутаг байсан гэнэ. Нутгийн зон олон ангийн үс, үнэт чулуу, эрдэнэсийг өмнө зүг тээж эд бараа, гурил будаа олж ирдэг байжээ. Эл хөндийд нутаглагсад дутагдах гачигдахын зовлонгүй амар амгалан амьдардаг байв. Нутгийнхан энэ хөндийгөө диваажингийн хөндий хэмээн нэрлэдэг байжээ.
Диваажингийн хөндийд хар муу санаатай харийн нэгэн тэнүүлч эр иржээ. Тэнүүлч эр диваажингийн хөндийн зон олон амар амгалан, эв найртай, баясал цэнгэлтэй амьдарч байгаад атаархан нутаг нугын ахан дүүсийн дунд хорон муу үгээр хов жив түгээж саахалт айл, садан төрлийн дунд ч яс хаяж турхирчээ. Үүнээс үүдэн нутгийн зон олны дунд эв найр эвдэрч, хэрүүл маргаан дэгдэж аллага, таллага, дээрэмдлэг үүссэн ажээ.
Энэ бүхнийг мөнх тэнгэр харж харамсан цөхөрч хүн ардад эвтэй найртай байхыг сануулсаар байсан авч хүмүүс үл тоон хэрүүл хагарал, атаа жөтөө туйлдаа хүрч хүн ард тэсэхүйеэ бэрх болжээ. Мөнх тэнгэр хүлцэн тэвчиж байсан авч удаан тэвчихийн аргагүй болсноос гэнэт хилэгнэж аянга цахилгаан буулган уул хад нураан газар дэлхийг хөрвүүлснээс диваажингийн хөндий тэр аяараа хагаран ан цав гарч газрын гүнээс буцламхай ус оргилон хөндий усанд автан амьтан хүн амар жимэр амьдрахын аргагүй болжээ. Диваажингийн хөндийгөөс амь зулбан ууланд гарч арай ядан амьд үлдсэн ч өлсгөлөн зовлон нүүрлэх аюулд нэрвэгджээ. Хүн ард ядуурал, хоосрол, өвчин зовлонгоос гэтэлгэж өгөхийг мөнх тэнгэрт хүсэж мөргөн залбирч, тахил мандал өргөж гуйжээ. Мөнх тэнгэр хүмүүсийг зовлон зүдгүүрээс ангижруулахыг таалж тэнгэрээс асар том чулуу буулгаж тэр нь усны голд байсан ангал нүхийг яг онож тагласан ажээ. Төдөлгүй буцламхай ус хөрч цэнгэг нуур тогтжээ. Нуурын голд арал болон тогтсон чулууг тэнгэрээс мандал тахилга өргөж ирүүлсэн учраас “Мандал” уул хэмээн нэрлэсэн ажээ. Мандал уул нуурын дунд байрласан учраас хожим нь “Далайн хүү”, “Модон хүй” хэмээн нэрлэх болсон ажээ.
Tuesday, April 25, 2017
Хөвсгөл нуур
Хөвсгөл нуур буюу Хөвсгөл далай нь Монгол улсын хойд хэсэгт Хөвсгөл аймагт оршдог. Энэ нуур нь Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл дэлхийн арван долоон эртний нуурын нэг, 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзэлхүүн 381 км³ байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ.
Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Явсаар нийт 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Энэ хоёр нуурын хоорондын шууд зай нь ердөө 200 км.
Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар Сибирийн тайга, Төв Азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Турт гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан тээвэр хийгддэг. Хөвсгөл нуурын эргэн тойрон фосфоритоор баялаг. Уг нуур нь Монгол улсын аялал жуулчлалын томоохон чиглэл юм.
Нэрний тухай
Хөвсгөл гэдэг үг нь түрэг хэлээр Кеп Сү Кель буюу "Хөх устай нуур" гэсэн үг болой. Монголчууд уг нуурыг эрт дээр үеэс Ариг ус хэмээн нэрлэж байжээ. Хөвсгөл гэдэг үгийн язгуур нь монголоор хөв /ой хөвч гэдэг үгийн хөвтэй гарал нэг/ олон их гэсэн утгатай, түрэг гаралтай хэлнүүдийн көп /олон их гэсэн утгатай/ су гэдэг нь монголоор ус /эртний монгол хэлний усу гэдэг үг нь одоогийн монгол хэлээр төгсгөлийн у эгшиг нь гээгдсэн байхад, түрэг гаралтай хэлнүүдэд эхний у эгшиг нь гээгдсэн байна./ гөл гэдэг нь нуур гэсэн утгатай түрэг гаралтай хэлнүүдийн "көл" гэсэн үг /гэхдээ монгол хэлэнд байдаг "хөлгүй нуур, хөлгүй ус, зэрэг үг хэллэгт байдаг "хөл" гэсэн үгтэй гарал нэг байж ч болох юм/ Ингээд Хөв/көп-их, су-ус көл-нуур буюу их уст нуур гэсэн үг болно.
Subscribe to:
Posts (Atom)
Хөвсгөл нуурын өглөө
-
Хөвсгөл нуур Хөвсгөл нуур буюу Хөвсгөл далай нь Монгол улсын хойд хэсэгт Хөвсгөл аймагт оршдог. Энэ нуур нь Монголын хамгийн их э...
-
ХӨВСГӨЛ НУУР ҮҮССЭН ТУХАЙ ДОМОГ Эрт урьд цагт элэнц хуланцын үед энэ нутагт нуур байгаагүй ажээ. Үржил шимт хөрстэй, үлэмж сайхан ур...